Бидний тухай

Чингис Хааны Хүрээ Эртний нүүдэлчдийн түүхэн судалгаанд үндэслэгдэн 1992 онд Их Эзэн Чингис алдраар нэрлэгдэн бүтээгдсэн Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолбор үүсгэн байгуулагдсан түүхтэй. Монгол үндэсний өв уламжлал, нүүдэлчин ахуй соёл, зан заншлыг хадгалсан орчинг бүрдүүлэн дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьсон билээ.

Монгол Гэр

Тус цогцолбор нь Дархан цаазат Богд хан уулын Жаргалантын аманд, Улаанбаатар хотын төв цэгээс 20 км зайтай орших бөгөөд цэвэр агаартай бүсэд засмал замаар саадгүй хүрэх боломжтой.

Амтат хоол & зууш

Үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн амт чанартай 40 гаруй нэр төрлийн монгол үндэсний болон европ хоолоор үйлчилдэг.

Арга хэмжээ

Өв соёлын цогц үйлчилгээ Манай зочид үндэсний урлагийн тоглолт, монгол наадам, галын наадам, “Морьтны гайхамшиг” морьт шоу тоглолт, үндэсний хувцасны загварын шоу тоглолт зэргийг үзэж сонирхох боломжтой.

Мэндчилгээ

Эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Миний бие МУИС-ийг түүхч, музей судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд өөрийн шимтэн судалсан эртний Монголын нүүдэлчдийн судалгаанд тулгуурлан 1992 онд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбороо Их Эзэн Хааны алдараар нэрийдэж үүсгэн байгуулсан түүхтэй. Ийнхүү, монгол үндэснийхээ өв уламжлал, нүүдэлчин ахуй соёл, зан заншлыг хадгалсан орчинг бүрдүүлэн дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьсон билээ. “Чингис Хааны Хүрээ” нь эртний нүүдлийн хот хүрээний жишгээр байгуулсан цомцог хэлбэртэй гэрүүдээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хийц загвар, хээ чимэглэл, халз хөлтрөгний угалз зэргийг түүхийн хосгүй үнэт олдвор, баримтуудад үндэслэн гараар урлаж бүтээсэн юм.

Нүүдэлчдийн ахуй соёлыг шингээсэн “Чингис Хааны Хүрээ” цогцолбор маань жилээс жилд цар хүрээгээ тэлж, бид байгаль орчиндоо ээлтэй эко байх зорилтыг дэвшүүлэн, эртний ахуй нөхцөлийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй уялдуулан үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг эрхэмлэн ажиллаж байна. Цогцолбор маань Монголыг зорин ирж буй гадаадын зочид төлөөлөгчдийн төдийгүй дотоодын амрагчдын заавал зочлон үйлчлүүлдэг газрын нэг болсонд талархахын сацуу та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ч.Энхтайван

"Чингис Хааны Хүрээ" Аялал жуулчлалын цогцолборын үүсгэн байгуулагч

Үйлчилгээ

Бүргэдийн баяр

Төв Азийн эртний нүүдэлчдийн бүргэдээр ан хийх уламжлалт өв соёл, зан заншлыг сэргээх зорилгоор 2009 оноос хойш жил бүрийн гуравдугаар сард “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулсаар ирсэн. Өдгөө энэхүү баяр нь монголын аялал жуулчлалын салшгүй нэгэн хэсэг болж, жуулчид төдийгүй амрагчдын нүдийг хужирладаг том арга хэмжээ болоод байна.

Нүүдэлчдийн наадам

Бахархалт түүх соёл, ёс заншлын илэрхийлэл болсон эрийн гурван наадам нь Монгол улсад саатан морилсон гадаадын иргэд, монголчуудын шимтэн үздэг сонирхол татахуйц баяр билээ. Нум сум харвах, бөхийн барилдаан, морин уралдааныг 4-10 дугаар сард зохион байгуулах боломжтой.

Морьтны гайхамшиг

Монголчууд морийг хэрхэн эрэмгий эзэмшиж, ур чадвар, ид хаваа гайхуулдаг болохыг морьтны гайхамшиг, морин дээрээс сур харвах үзүүлбэрүүдээс харж болох ба хүндэт зочид төлөөлөгчдөө морьтон баатруудаар угтдаг.

Галын наадам

Галыг эрт үеэс эрхэмлэн дээдэлж тахидаг, ил түүдэг асаан түүнийгээ тойрон бүжиж, бий биелгээ хийн галаа баясгаж ариусдаг байсан зан үйлийг мэдрэх боломжтой.

Загварын шоу

Монголчууд хүндэт зочид гийчдээ цагаан хадаг, цагаан идээнийхээ дээжээр угтан авдаг заншилтай. Та бүхэн манай цогцолбороос угтах үйлчилгээг авч, монгол үндэстэн ястны дээл хувцасны уран нарийн хийц, шийдлийг харуулсан загварын шоуг үзэж сонирхоорой.

Ардын урлагийн тоглолт

Монголын язгуур урлагийн төрлүүд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн. Та манайд зочилсноор ардын язгуур урлагийн гайхамшгийг нүдээр үзэх боломжтой.

Монгол үндэсний хуримын ёслол

Уламжлалт хуримын ёслолд багтдаг бэр гуйх, бэрийн цайны ёслол, тулганы гал бадраах, цагаан замын ёслол, их хурим, сүүн замын ёслол, есөн өрлөг баатраар угтах ёслол зэрэг нь бүгд зан заншил, ёс суртахуун, гоо сайхны учир холбогдолтой билээ. Бид энэхүү ёслолын арга хэмжээг орчин үеийн хуримын ёслолтой хослуулан зохион байгуулж үйлчилдэг.

Монгол зум

Монголчууд эрт үеэсээ Их Хуралдай, том хурал цуглаан, наадам болон Уул хайрхалын тахилга зэрэг том арга хэмжээнүүдэд бүтэн үхрийн зум хэмээх идээг хамгийн эрхэм нандин, хүндтэй зочиддоо өргөн барьдаг байсан уламжлалтай. Үүний дагуу өндөр зэрэглэлийн арга хэмжээ, хүлээн авалтанд хонь, үхрийн бүтэн зум, ямааны боодог зэргийг амтлан таашаагаарай.

Хуралдайн наадам

Зуны дэлгэр сайхан цагт шонхор, харцага, бүргэд зэрэг анч шувуудын үзүүлэх тоглолт, үндэсний урлагийн их наадам, морьтон баатруудын үзүүлэх тоглолт, уламжлалт наадгай, галын наадам, тойрон бүжиг зэрэг орчин цагийн шоу тоглолтыг задгай талбайд нэг дор үзэх боломжтой.

АСЕМ 11 дэх удаагийн уулзалт

800 гаруй жилийн тэртээгээс Их Монгол улсын Их хуралдайд тухайн үеийн соёлт ертөнцийн буюу Ази, Европын хаад ноёд, элч төлөөлөгчид оролцдог байжээ. Тэгвэл, Монгол улсад 2016 оны долдугаар сарын 15- ны өдөр Ази, Европын 52 улсын төрийн тэргүүнүүд, олон улсын 2 байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн ирж чуулсан АСЕМ-ийн Нүүдэлчдийн наадам, Монгол улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээг “Чингис Хааны Хүрээ” цогцолборт зохион байгуулж, эртний Их Монгол улсын Их хуралдай, найр наадам лугаа адил орчинг бүрдүүлж, эрхэмсэг зочдыг амжилттай хүлээн авсан бахдам түүх бидэнд бий.

Гэр

Хаан орд

“Хаан орд”-ыг Их Монгол улсын эзэн хаадын орд өргөөний загвар шийдлээр бүтээж, хойморт нь Их Монгол улсыг үндэслэгч Их Эзэн Чингис хааны шижир алтаар бүрсэн хөшөөг залсан. “Хаан орд” нь дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй буюу 25 метрийн голчтой орд юм. Хурим найр, хурал зөвөлгөөн, хүлээн авалтын зориулалтаар 350-400 хүн хүлээн авах хүчин чадалтай “Хаан орд”-ыг тойруулан дөрөв, тав, зургаан ханат гэрүүдээр дөрвөн давхар хүрээ үүсгэн байрлуулсан.

Ирвэсэн орд

19 метрийн голчтой ёслол хүндэтгэлийн “Ирвэсэн орд” хэмээх гэр нь 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ ордыг тойроод тав, зургаа, найман ханатай гэрүүдээр хоёр давхар хүрээ үүсгэн байрлуулсан.

Их орд

Дэлхийн хоёр дахь том гэр болох “Их орд” хэмээх 24 метрийн голчтой гол гэрт 14 метрийн голчтой 4 гэрийг 4 талаас нь холбон барьсан бөгөөд 700-800 хүн хүлээн авах хүчин чадалтай. Их ордыг тойроод дөрвөн гэр тэрэг бий.

Алтан өргөө

Гэр тэргэн дээр байрлах “Алтан өргөө”–ний доторх бүх чимэглэлийг алт, мөнгөөр бүрж чимэглэсэн. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын эдэлж хэрэглэж байсан толь, XIV-XVI зууны үеийн хөсөг тэрэгний дугуй, эртний монголчуудын хэрэглэж байсан хуяг дуулганууд, ангийн арьсан гоёл, эртний монголчуудын хэрэглэж байсан домбо, сав суулга зэрэг эртний ховор түүхэн дурсгалт үзмэр, олдвор цуглуулгаар чимэглэсэн онцлогтой тул музей ресторан хэмээн тодотгох болсон юм. “Алтан өргөө” нь 60 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Мөнгөн өргөө

Гэр тэргэн дээр байрлах “Мөнгөн өргөө”-ний хана, тооно, унь, хаалга зэргийг мөнгөөр бүрж чимэглэсэн. 40-50 хүний караоке, ВИП өрөө, сургалтын чиглэлээр ашигладаг.

Холбоо барих

Хаяг:

ХУД, 8-р хороо, Богдхан уулын Жаргалантын ам, Буянт-Ухаагаас зүүн урагш 5 км-ийн зайд байрладаг.

Цагийн Хуваарь:

11:00 AM - 23:00 PM

Утас:

+976-75101727

Loading
Your message has been sent. Thank you!